
Зургийг Б.Цолмонбаяр
МОНГОЛЫН НЭГ ӨДӨР
/Үглэл/
Б.Эрдэнэсолонго
Хуучин хүү шинэ гунигтай
Хулсан ташуур
Хуруунд өлгөөстэй
Хууль цааз шонд өлгөөстэй
Нар жаазтай зураг шиг
Тэнгэртээ өлгөөстэй
Нарийхан цонхигор туяа нь
Хариугүй илчтэй
Сүнжидмаагийн нутаг
Сүүмэн сүүмэн гунигтай
Сүнжингийн саун,
Тан Луу-гийн
Байцаанд хөвөөстэй
Сайхан эр Юндэн
Салаа хар гэзэгтэй
Самарын гурван толгойд
Самарч, самарч ядраастай
Саяхан танилцсан Увс охин
Төрийн далбаа шиг хацартай
Сайхан Нансалмаа
“Чингис”, “Баянгол” хавиар эргээстэй
Саальчин Хоролмаа
Саарал ордонд залраастай
Балган балгаастай,
Балган балраастай
Бадарч тахар
Баруун солгойгүй балбаастай
Эх орны
Элэг зүрх нь цөмрөөстэй
Эрлэг тамын
Үүд хаалга нь сөхөөстэй
Энэлэн шаналах минь
Эндээс эхтэй.
Ээжээс илүү эрдэнэтэй,
Ааваас илүү алттай
Бурханд өгөөгүйг
Бусдад өгөөстэй
Өөрт өгөөгүйг
Өрөөлд өгөөстэй
Хээрийн нохой,
Өөрийн хүмүүс нийлсэн
Хэвтүүл босуултай.
Цээлийн ус татарч,
Цэгээн чулуу хагараастай
Цэцэн Мандухай
Эрээний хужаа дагаастай
Амбагай хааны
Арван хуруу атгаастай
Арван тавны сар
Агаар тэнгэртээ цовдлоостой
Алунгоо эхийн таван сум
Ташраараа хугараастай
Хубилайн дөчин мянган цэрэг
Хуурай газарт живээстэй
Хувь хишигтээ
Ард Аюуш дугаарлаастай
Хуягт нүхэндээ
Цэрэг Аюуш найгаастай
Найган найгах улиралд нь
Бид бас найгаастай...
Гурван ямхын хулсан бийр
Гунил зовлонд дүрээстэй
Гутарч цөхрөх минь
Эндээс эхтэй.
Мишээсэн дагина шиг
Миний Улаанбаатар нулимстай
Далан давхраас наашаа
Зуун давхар зовлонтой
Нарангийн энгэрээс цаашаа
Наян салаа асуудалтай
Тахигдахууны доод нь
Эцэг эх болой
Тахигдахууны дээд нь
Өнгө мөнгө болой
Таван шараас Амгалан хүртэл
Зүдүү болой
Ургийн модны
Үндэс нь тэнгэрт
Үзүүр нь газарт болой
Үглэн дуулах минь
Эндээс эхтэй.
Энэхүү шүлэгт “Монголын нууц товчоо” зохиол, Гүлрансын яруу найраг, “марзан” Шаравын “Монголын нэг өдөр” зураг, Д.Нацагдоржийн “Хуучин хүү”, “Учиртай гурван толгой”, “Намар” зэрэг бүтээл, зарим түүхэн хүмүүсийн нэрс, Буддын шашин, монгол ардын дууны үг хэллэг, үзэл санааг шууд болон эсрэг утгаар нь хэсэгчлэн оруулсан болно.
2012.05.19