Та бүхэнд өмнө нь хальт дурдаад өнгөрсөн нэгэн мэдээллийг дэлгэрэнгүй хэлбэрээр хүргэе гэж саналаа. Гадаадад байгаа уншигчдад монгол номнуудыг олж унших боломж тэр бүр олдоггүй. Найз нөхдөөсөө гуйж түүж, хүн амьтнаар дайж дарж явуулсан номнууд замдаа замхрах нь ч цөөнгүй. Тэгвэл энэ асуудлыг "Монголконтент" компани нэгэнт шийджээ. Номыг онлайнаар захиалаад худалдан авч унших буюу, түрээсэлж унших нэгэн аргыг тэд бий болгоод зах зээлд хэдийнэ байр сууриа олоод авсан байна. Худалдан авах гэдэг нь номын файлыг та тэр чигээр нь өөртөө хуулан авч, компьютертээ суулгах боломжтой болсон бол түрээслэх гэдэг нь тодорхой хоног заан өөрийнхөө компьютерт файлыг хуулан унших боломжийг олгож байгаа юм байна. Уншиж дууссаны дараа файл өөрөө автоматаар усгагдах тул түрээсийн хугацаа дууссан гэж ойлгож болно. Хэрвээ энэхүү шинэлэг үйлчилгээг туршиж үзэхийг хүсвэл http://book.gogo.mn/ энэ хуудас руу нэвтрээд бүртгүүлж, захиалгаа өгөх боломжтой. Энэ аргаар өөрийн компьютертээ дуртай номоо хадгалж, хүссэн үедээ нээн унших боломжтой.
Бас нэг сонирхолтой шийдэл шинээр нэвтэрчээ. Та өөрийн гэсэн онлайн номын сантай болохыг хүсвэл
энэхүү төхөөрөмжийг худалдан авч болох юм байна.
Iriver Story book:
- 6 инчийн Электрон бэх (e ink) дэлгэцтэй учир нүдний хараанд сөрөг нөлөөгүй
- PDF, epub, txt, ppt, doc, xls форматуудыг дэмждэг
- Дуу хөгжим сонсох, Тэмдэглэл хийх, Комикс үзэх боломжтой
- Бүрэн цэнэгээрээ ойролцоогоор 9000 хуудас ном уншина
-Хэрэв та Iriver Story-г ашиглах бол Firmware: 1.61-ээс дээш хувилбарыг суулгасан байх хэрэгтэй. Дэлгэрэнгүй зааврыг /http://www.iriverinc.com/ -ээс авна уу.
Ном уншигч төхөөрөмжийг хаанаас худалдан авч болох вэ?
TEDY төв дэх NOKIA show room хэсгээс Iriver брэндийн “Story book” ном унших төхөөрөмжийг худалдан авах боломжтой.
Сүүлийн үед шинээр хэвлэгдсэн Монголын зохиолч, орчуулагдын бүтээлүүд эднийх дээр үндсэндээ бүрэн төвлөрөөд байгаа гэнэ. Тиймээс дээрх хаяг руу нэвтрэн орж бүртгүүлээд, хүссэн номоо файлаар нь худалдан авах буюу түрээслэн танилцаж болох юм байна.
Харин зохиолчид өөрсдийн хуудсанд тусгай кодоор нэвтэрч худалдан авалт, орлогын мэдүүлгүүдээ харж, хянаад байх боломжтой юм байна. Тиймээс ийш тийш дэгдээд байх дургүй над мэтийн хүнд бол энэхүү боловсронгуй онлайн худалдаа тун чиг нийцтэй санагдаад байгааг нуух юун. Файлын хамгаалалтын талаар зохиогчид санаа зовж байгаа нь мэдээж. Энэ талаар би ч бас асуугаад, судлаад авсан. Хуулж хадгалсан файлыг принтерлэж болох бөгөөд шууд копидох буюу файлаар нь бусдад дамжуулан өгөх боломжгүй юм билээ. Мөн номноос гадна бусад төрлийн сонин сэтгүүлүүд ч эдний онлайн худалдаагаар борлуулагдаж байгаа тул уншигч танд сонголт хийх боломж байгаа гэсэн үг. Ингээд хилийн дээс алхаж, онгоцоор нисгэж, хүнээр дамжуулж аян замд алжааж халтартсан хэдэн ном гар дээрээ хүлээж ядахын зовлон үгүй болжээ.
Номыг онлайнаар унших хүсэлтэй уншигчдад зориулав.








0 comments:
Post a Comment