2010-08-24

"Ми-15" кино үрэгдсэн хөвгүүдээ дэлгэцэнд мөнхөлнө

Элдэв асуудлуудаа шийдэх гэж амьсгаа өндөр явах хооронд уран бүтээлч нөхөд минь киногоо жин тан болгоод авч. Блог уншигч, бичин шимтэгч та бүхэндээ энэхүү зараа өөрийн блогтоо хүргэж байгаадаа баяртай байна. Гурван жилийн өмнө Минжин хангайд болсон аймшигт ослын үеэр амь үрэгдсэн болон азаар амьд мэнд үлдсэн эрэлхэг аврагч эрчүүдийн дурсгалд зориулан бүтээж буй "Ми-15" кино дэлгэцэнд гарахад бэлэн болжээ. Энэ сарын 27-ны өдөр "Соёмбо" кино театрт албан ёсоор нээлтээ хийхээр зэхэж байгаа энэхүү кинонд жүжигчин СТА Г.Золбоот, Н.Ялалт, МУГЖ М.Дорждагва, С.Ариунбямба, А.Баттүшиг, Н.Чинзориг, Д.Мөнхтөмөр, Б.Бодьбаатар, Д.Шагдарсүрэн, Д.Энхбаяр, А.Алтантөр, Л.Баярсайхан, О.Долгор нарын уран бүтээлчдээс гадна "Хэцүү анги" киноны Тэүмүүн, Билгүүний дүрээр олны танил болсон залуу жүжигчин Н.Наранмөнх, М.Баярбат нар тоглосон юм.

Киноны ерөнхий продьюсерээр "Соёмбо" продакшны захирал Д.Нямдорж, зөвлөхөөр Г.Маш, найруулагчаар С.Нэргүй, зохиолчоор Х.Болор-Эрдэнэ нар ажилласан бөгөөд сэтгэл нийлсэн энэхүү баг маань өнгөрсөн хавар зуны туршид зураг авалтаа амжилттай хийж гүйцэтгэсэн билээ. Мэдээж зураг авалтын явцад санаанд багтамгүй олон адал явдлууд өрнөсөн байгаа. Эргэн санаж байгаа цаад үйл явдал нь өөрөө жирийн хүний хувьд туулж барамгүй хүнд хэцүү агшнуудаар дүүрэн байсан тул түүнийг бүтээл болгохоор зүтгэж байгаа хүмүүст тэр бүхнийг бүрэн мэдрүүлэх зайлшгүй шаардлага талийгаачдад маань байсан байж таарна. Энэ талаар уран бүтээлчид маань жич ярих биз ээ.


Киноны нэрэнд өөрчлөлт гарсныг та бүхэн анзаарч байгаа байх. "Муу залуу" туужаар та бүхэнд хүрсэн киноны дотоод үйл явдлууд туужаас арай өөр болсныг дашрамд сануулъя. Туужийн зохиол илүү уран сайхны хавчуурга ихтэй бол кино маань бодит үйл явдлаа хөөж хийгдсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх.


Дуучин Идэржавхлан дуулсан энэхүү дуу нь Эх орныхоо төлөө албан үүргээ гүйцэтгэж яваад эндэж осолдсон Баатарлаг хөвгүүдийн гэгэээн дурсгалд зориулсан киноны дуу билээ.“Соёмбо” продакшны дэлгэцийн шинэ бүтээл болох тушаал авсан хөвгүүд буюу “Ми 15” уран сайхны кино энэ сарын 25-нд орон даяар нээлтээ хийх гэж байна. Уг кинонд гурван жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг унтраахаар яваад осолдсон “Ми-8” нисдэг тэргийн сүйрлийн тухай харуулжээ. 15 хүний хүсэл мөрөөдөл, 15 хүний амьдралын тухай өгүүлсэн тус киноны дууг та хамгийн анхны удаа манайхаас сонсож байна

Дуучин Идэржавхлан
Ая Д.Бямбабаяр
Үг Х.Болор-Эрдэнэ

1.
Холын шувуудын цувааг дагаад
Хөх тэнгэрийн гүн рүү ниссэн.
Тушаал аваад харьж ирээгүй
Хөвч тайгадаа мөнх нойрссон.
2.
Нүүх үүлсийн аясаар тэд
Нууж үлдээсэн үгсээ шивнэнэ.
Хааж залгисан нулимсаа бид
Хариу болгон дотогш залгина
Дахилт:
Харьж ирээгүй хөвгүүдээ бид
Хайж олохоор шувуудыг тосно оо.

3.
Шүүдэр дундуур туучсан хөвгүүд
Газар шороондоо үүрд шингэжээ.
Хүсэл дундуур гүйлдсэн жаалууд
Салхи болон тэнгэрт үлджээ.
Дахилт:
Харьж ирээгүй хөвгүүдээ бид
Хайж олохоор шувуудыг тосно оо.
Харьж ирээгүй хөвгүүдээ бид
Хайж олохоор шувуудыг тосно оо.

0 comments: