2010-08-25

Өөрөө ч мэдээгүй сууж байгаа нэгэн онцгой хүний тухай өгүүлмээр санагдлаа

Юун баахан зураг оруулаа вэ гэж бодож байна уу? Энэ бүхнийг та нар зураг гэж бас бодож байна уу? Биш юм аа. Энэ бүхэн хивс. Гар хивс нэхэхдээ эдгээр зургийн дизайн, өнгө будаг, уран гоё хэлбэр хийцийг эхлээд гараар зурж, компьютерээр тооцоолон гаргаад дараа нь өөрөө нэхнэ. Яагаад энэ бүхнийг блогтоо зориуд оруулж байгаа түүхээ одоо яръя. Эмнэлэгт байхдаа өрөөнийхөө нэг эгчтэй сүрхий дотноссон юм. Өдгөө 51 хүрч яваа тэр эмэгтэйг хэн ч харсан 50 гарсан гэж хэлэхээргүй. Бүгд л дүү минь, охин минь гэлцэнэ. Овор багатай гэсэн үг л дээ. Тэр эгчийн нэг чанар миний анхаарлыг татсан юм. Байсхийгээд л хүн баярлуулах гээд цэцэг тэврээд гүйнэ. Тэр бүү хэл заримд нь өөрөөсөө бэлэг өгч байгаагаа ч хэлэхгүй. Эмнэлэгт байх хэдхэн хоногтоо их л олон хүн баярлуулахыг нь хараад "Ямар ч сайхан сэтгэл вэ? Яасан ч гэгээлэг бодол санаа вэ?" гэж гайхаж байлаа.

Дөнгөж хагалгаанаас гараад платандаа орж ирэхэд минь халуун шөл, цай барин урд хойно гаран гүйж, заримдаа хөл гарыг минь дулаацуулахаар ихэд санаа тавина. Ер нь сая хэвтсэн хэд хоногтоо ер бусын сайхан сэтгэлтэй хүмүүсийн дунд байсан юм. Өрөөнийхөн маань бүгдээрээ л гэмгүй сайхан сэтгэлтэй, энгийн даруухан эмэгтэйчүүд. Настай нь ч настай гээд ямбалаад байхгүй, залуу нь ч залуу гээд ярвалдаад байхгүй. Аль болох л бие биедээ туслачих гэсэн улс. Аяга цай уусан ч бусаддаа хуваалцаж, амттай зүйл ирсэн ч бусадтайгаа хуваалцах гэж хөөр болно. Энгийн хүмүүс ийм л байдаг юм байна гэсэн бодол төрж байлаа. Тэдний нэг нь Г.Уранчимэг эгч байлаа. Амьдралынхаа ихэнхийг ганцаараа хоёр охиноо өсгөхөд зориулж ирсэн тэр эмэгтэй гар хивсний зураачаар ажиллах хугацаандаа бүх туршлагаа өөрөө бие даан сурч эзэмшжээ. Анх өөрөө зураг зурж сурч, өөрийнхөө мэдрэмжээр хивсээр дамжуулан бүтээл хийж эхлэсэн байна. Улаанбаатар хивс ХХК-д хориод жил ажиллаж байгаа Урнаа эгч маань орчин цагийн компьютерийг хүртэл өөрөө бие даан эзэмшиж, өдгөө бүтээлүүдээ түүн дээр хийж бэлтгэдэг болсон гэнэ.

Үргэлж л гоё сайхан мөрөөдөл өвөртөлж, дандаа гэрэл гэгээтэй зүйл ярьж байдаг тэр бүсгүй гар хивсний ганц байгаа эмэгтэй зураач гэдгийг эмнэлгээс гарсаныхаа дараа хүнээс дуулсан юм. Ямар ч гавьяа шагналгүй, ямар ч цол гуншингүй хэрнээ амьдралынхаа өдөр хоног бүрийг уран бүтээлд зориулан яваагаа өөрөө ч анзаараагүй байх юм. Түүний бүтээлийн амтанд орсон гадаад дотоодын олон хүн Урнаа эгчийг зорьдог байна. Нэг хийлгэсэн хүн заавал эргэж ирнэ. Хүмүүсийн авчирч өгсөн фото зургийг яг л амьд байгаа мэт тэр чигээр нь буулгаж, өөрийнхөө мэдрэмжээр хөглөж, өнгө будаг нэмдэг аж. Тэгсэн хэрнээ хэнд ч анзаарагдахгүй даруухан хэвээр л хаа байсан Хужирбуланд монгол гэрт амьдарч байна. Өөрийнхөө эмчилгээний зардлыг олох гэж өвчнөө умартан 7 хоног ухаантай ухаангүй хивс нэхэж суусан гэхийг нь дуулаад ичих шиг болсон юм. Гэтэл би чинь ганцхан өдөр өвдөөд л орь дуу тавиад эмнэлэгт очсон хүн шүү дээ.

Урнаа эгч 90-ээд оны үед 20-хон настай охиноо амьдралаас үүрд алджээ. Тэр тухай дурсахдаа "Миний охидын сор нь байсан юм даа, охин минь. Ээжийгээ орхиод тэгээд явчихна гэж огт бодоогүй" гэж нүдэндээ нулимстай өгүүлж байсан юм. Ханилан суусан нөхөр нь Англид ажиллахаар яваад тэндээ бүрмөсөн үлдсэн гэдэг. Тиймээс л үлдсэн амьдралаа ямар нэгэн эр хүнд биш үлдсэн хоёр охиндоо зориулж байгаа аж. Гэхдээ хэнд ч гомдоллож, хэнийг ч буруутгахгүй байгаа нь аугаа сэтгэлтэйг нь харуулах мэт санагдана.

Ийм нэгэн бүсгүйг эрхэм уншигчиддаа танилцуулахгүй байж төвдсөнгүй. Өнөөдөр тус компанийн вебсайтанд ороод гар хивс гэсэн булантай танилцаж байхдаа аль нь Урнаа эгчийн бүтээл юм бол гэж бодоод утас цохиж, эдгээрийг сэм тодруулаад авсан юм. "Наана чинь эгчийнх нь хамгийн гоё гоё бүтээлүүд байхгүй байгаа. Тэгж байгаад эгч нь чамд зургуудыг нь үзүүлнэ ээ" гэж сая утсаар ярьж байна. Яг одоо Оргил рашаан сувилалд сувилуулж байгаа Урнаа эгч маань өөрийнх нь тухай ийм бичлэг оруулж байгааг огт гадарлаа ч үгүй л сууж байгаа. Энэ сарын 27-нд төрсөн өдөр нь тохиож байгаа юм гэсэн. Уриалгахан өгөөмөр Урнаа эгч минь эрүүл саруул болж, хурдан тэнхрээрэй. Таны уран гар, өгөөмөр сэтгэл хүмүүс бидэнд ус агаар шиг хэрэгтэй юм шүү. Танд төрсөн өдрийн мэнд хүргэе. Хэзээ нэгэн цагт энэ бичлэгийг уншаад мэлмэртэл уйлна гэдгийг чинь мэдэж байгаа ч танд аз жаргал л хүсмээр байна.

2 comments:

Anonymous said...

saikhan emegtei bna daa Hivsnees ni avah uym san Ter evtei 4 amitanii hivsiig avmaar bna Aild baih sain gedgiin Urnaa egchid jargaliin deed boloh eruul enhiig husey

K said...

zuragnuud n haragdadgui ee.
uuriin chin blogiig unuudur udurjin shahuu unshilaa.olon saihan bichleguudteima.