2010-12-28

Өвлийн өвөөд дахин захиа ирлээ...

Амласан ёсоороо түрүү жилийн өвлийн өвгөнөөс ирсэн нэгэн онцгой бэлэгний тухай үргэлжлүүлэн өгүүлье.

2009 оны 12-р сарын 31-ний өглөө.


Хотын захад баригдсан хэдэн амины орон сууцнуудын дунд торойх ганц бөөрөнхий гэрт ах дүү долоон хүүхэд аав ээжийнхээ хамт амьдардаг. Тэр айлын бага охиныг Туяа гэх бөгөөд хажуу хашааныхаа охинтой найзлаад хэдийнэ гурван жилийг үджээ. Хажуу айлынх нь охин түүнээс хоёр насаар эгч боловч охид хоорондоо хэл амаа сүрхий ололцоно. Найз охиныг нь Сарнай гэх бөгөөд гэртээ аав, ээж, ахынхаа хамт амьдарна. Бараг л өдөржин гэртээ ганцаараа байх тул Сарнай охин тун ч их уйдна. Тиймээс Туяаг өдөржин гэртээ байлгах бүхий л арга замыг бодож олно. Заримдаа бүр ээж, аавынхаа зөвшөөрөлтэйгээр охид Сарнайгийн од түгсэн адартай өрөөнд тухалж, өвөртөө орж унтана. Тийм өглөөнөө тэд жаргалтайгаар инээд алдан сэрцгээдэг. Тийм сайн найзыгаа баярлуулахсан гэх хүслээ удаан хадгалсан Сарнай охин шинэ жилийнхээ сүлд модны доор Өвлийн өвгөн аавд захидал бичиж үлдээжээ. /Энэ талаар өмнө нь бичиж байсан тул үл нуршив/.

31-ний өглөө Туяа дөнгөж сэрээд сүлд модныхоо доор гоёмсог цагаан даашинз, өмнө нь хэзээ ч өмсөж байгаагүй мөнгөлөг өсгийтэй хээнцэр гялгар гутал, бас мөрөөдөл болсон титэмний хамт байгааг харжээ. Туяа охин нүдэндээ итгэсэнгүй. Ах, эгч нар нь бүгд хичээлдээ явчихсан тул ээжээс нь өөр хүн гэрт харагдсангүй. Ээж нь юу ч болоогүй мэт цайгаа ууж суугаа харагдана. Туяа ухасхийн босоод сүлд мод руугаа дөхөж байхдаа найз Сарнайгийнхээ хэлсэн үгийг санаж байлаа. "Өвлийн өвгөн аав үнэхээр байдаг юм аа. Чи хүссэн зүйлээ захиандаа бичээд сүлд модныхоо доор тавьчих. Тэгээд л шинэ жилийн өглөө гэхэд Өвлийн өвөө бэлэгээ үлдээгээд явсан байдаг юм." Энэ яриаг тэр өмнө нь ах, эгч нартаа хэлж, захиа бичихсэн гэж хүсч байсан боловч, гэрийнхнийх нь дүүгээ шоолж, хэн ч түүний саналыг зөвшөөрсөнгүй. Харин Туяа охин мөрөөдлөө ганцхан Сарнай найздаа л хэлсэн байсан юм.
Туяа харж байгаа зүйлдээ итгэл алдран сүлд модруугаа болгоомжтойгоор дөхөж очоод өөрт нь захиалсан мэт таарсан, тэр гайхалтай гоё даашинз, гутлыг хурууныхаа өндөгөөр зөөлхөн шүргэж үзэв. Тэд үнэхээр бодитой бий болсон гэдэг нь илэрхий байлаа. Туяа ээж рүүгээ эргэж хараад "Ээж ээ, өвлийн өвөө миний бодлыг сонссон байна шүү дээ" гэж дуу алдав. Ээж нь охиныхоо гартаа барьсан даашинзыг хараад,
-Наадах чинь юу вэ? Хаанаас гараад ирэв. Миний охинд яг таарах юм байна. Алив өмсөөд үз дээ гэлээ. Туяа охин инээмсэглэл гэрэлтэх ягаахан хацраа халуун оргихыг ч анзааралгүй даашинзыг бушуухан өмсөөд, гутлыг хөлдөө углалаа. Туяа охин үлгэрийн гүнж болчихсон мэт санагдана. Охин бушуухан энэ тухайгаа Сарнай найздаа хэлэхээр гэрийнхээ хаалгыг савж орхиод хажуугийн хашаанд нууцаар гаргасан бяцхан хаалгаараа шуртхийн орлоо.

-Сарнай, Сарнай намайг хар даа. Өвлийн өвөө миний бодлыг сонссон байна...

Энэ үеэр ямар нэгэн амьтаны өрөвдмөөр дуу хаа нэгтэйгээс гараад байгааг гайхан чагнаархаж зогссон Сарнай юу дуугараад байгааг олж мэдэхээр гэрийнхээ булан тохой бүрийг нэгжиж байлаа. Сарнай найзынхаа баярласан царайг хараад инээд алдаж, бас санаандаа дүрслэн дүрслэн Өвлийн өвөөд хаягласан захиан дээрээ бичиж үлдээсэн тэр даашинзыг найз нь өмсчихөөд зогсож байгааг хараад итгэж ядан зогсоно. Сарнай Өвлийн өвөөд Туяа найзыг минь баярлуулж, хүсч байсан даашинз, гутал, титэмийг түүнд бэлэг болгон өгөөч хэмээн бичсэнээ найздаа баяртайгаар хэлэв. Охид тэврэлдэн бүжиглэж хөөр баяр болж байтал өнөөх үл мэдэх чимээ гэрт дахин дуулдлаа. Охид баяр хөөрөө мартан түр зогсоод эргэн тойрноо гайхан хараад дахин чагнав. Үнэхээр хаа нэгтэйгээс бяцхан гөлөгний дуу гарч, цор цорхийн хуцах чимээ гарна. Охид гайхан дуу алдаад саяхан Сарнайгийн хийж байсан эрж хайх ажлыг хамтдаа үргэлжлүүлэн хийлээ. Охид чимээ гарсан зүг рүү хамтдаа мөлхсөөр сүлд модны доор нууцхан тавьсан ягаан хайрцагт хүрч очив. Сонин чимээ тэндээс гарч байгаагаас зайлахгүй. Сарнай хайрцагт болгоомжтойгоор гар хүрээд зөөлхөн сэгсэрвэл өнөөх эгдүү хүрэм чимээ улам тод сонсогдов. Охид тэрхүү хайрцагны гоёмсог туузыг яаран задлаад таглааг нь түргэн гэгч автал далбайсан том чихтэй, долгионтой хүрэн үсээр гоёсон хачин эгдүүтэй гөлөг ухасхийн өвөр лүү нь цоройлоо. Найз охидууд зэрэг зэрэг дуу алдаад гайхалтай бэлэгний эзний үлдээсэн захиаг задлан чанга дуугаар уншсан билээ.

Өвлийн өвөө сайхан сэтгэлийг олж харж чаддаг бөгөөд шударга үнэн хүсэлтийг урамшуулан биелүүлдэг болохыг охид эндээс мэдэж авсан билээ. Бас мөрөөдөж чаддаг хүн бүрийн сэтгэлд шидэт хүч нуугдаж байдгийг өөр өөрсдийнхөөрөө ойлгож авчээ.

2010 оны 12-р сарын 28.

Сарнай охины гэр нүүж, Туяа охинтой өнгөрүүлсэн дөрвөн жил дурсамж болон үлджээ. Охид тэр бүр уулзалдаж чадахгүй байгаа ч утсаар хааяа ярьж, өөр өөрсдийнхөө амьдралын жамыг хөөхөөс өөр аргагүй гэдгээ ойлгоно. Харин Сарнай охин сүлд модныхоо доор энэ жил дахин захиа бичиж үлдээжээ. Түүнийг нэгэнт том болсон юм чинь захидал бичихгүй байх хэмээн бодож байсан ээж, аав хоёр нь энэ удаад охин нь сэтгэл зүрхээрээ бяцхан охин хэвээрээ байгааг ойлгож авав. Охин энэ жил 11 настай ч Өвлийн өвгөн байдаг гэдэгт итгэсэн итгэлээ алдаагүй л байна. Харин Өвлийн өвөөг орлож, жил бүр хүүхдүүдийнхээ хүслийг биелүүлдэг аав, ээж нь энэ удаа охины хүссэн нууц цоожтой тэмдэглэлийн дэвтэр, сайхан зургийн дэвтэр, охидод зориулсан үнэртэй усны эрэлд хатаж байна даа...

Гэхдээ Сарнайгийн аав, ээжийн санааг зовоож байгаа өөр нэг зүйл бол өнгөрсөн жил Өвлийн өвөөгөөс гайхамшигтай бэлэг хүлээж авсан Туяа охин энэ жил гацуур доороо захиа бичин үлдээх эсэх, тэр сайхан хүслийг нь Туяагийн ээж, аав хоёр биелүүлж өгөх эсэх л хамгийн ээдрээтэй асуудал болоод байна.

Хүүхэд бүрийн хүсэл биелж, ээж аав нар гайхамшигтай мөрөөдлийн захидал олныг хүлээн авч, шидтэн мэт нууцлаг амьдардаг Өвлийн өвөө энэ жил олон олон айлаар зочлон, мөрөөдлийн бэлгээ түгээх болтугай. Сайхан баярлаарай, ахан дүүс минь.