Охин маань юм нэхэж суугаа харагдав. Бас ч гэж дөрвөлжин хээ хуар гаргаад хөөрхөн хэлбэр дүрс оруулчихаж. Ээж нь баярлахдаа охинтойгоо жаал хууч хөөрлөө.
Ээж: -Миний охин юу хийж байгаа юм?
Охин: -Аан, би ороолт нэхэж байгаа юм. Гоё байгаа биз?
Ээж: -Харин тийм байна. Хэн зааж өгөө вээ?
Охин: -Эмээ зааж өгсөн юм.... Ээж ээ?
Ээж: -Өөв?
Охин: -Би тийм атаархуу охин юм уу?
Ээж: -Яаж байна?
Охин: -Эртээр манай сургуулийн гадаа нэг эмээ ороолт нэхээд сууж байсан юм. Би хараад нээрэнгээсээ зөндөө их атаархсан. Тэгж нэхэж сурмаар санагдаад тэр эмээгээс яаж нэхдэгийг асуусан байхгүй юу. Тэгсэн чинь манай ангийн охидууд намайг "Чи ямар атаархуу юм бэ?" гэж байна лээ.
Ээж: -Яалаа гэж. Хүний сайн хийж чадаж байгаа зүйлийг хараад сурах гэж хүсээд, бас тэр хүнээ бахдан биширч байгаа л хэлбэр шүү дээ. Миний охин маш зөв зүйл дээр атаархсан байна.
Охин: -Ээж ээ, тэгсэн чинь би тэгж нэхдэг аргыг эмээгээсээ дараа нь асуугаад нэхэж сурсан юм. Уржигдар хөдөлмөрийн хичээл дээр багшдаа нэхэж байгаа юмаа үзүүлсэн чинь зөндөө магтсан. Багш бас манай ангийн охидуудыг надаас жишээ ав гээд хэлчихсэн байхгүй юу. Тэгсэн чинь манай ангийн охидууд намайг бас л шоолсон.
Ээж: -Юу гэж?
Охин: -Чи шал тэнэг юм. Оёдолчин болох гээд байгаа юм уу гээд байсан. Тэгээд намайг "Оёдолчин" гээд л шоолоод байгаа.
Ээж: -Зүгээр дээ, миний охин. Оёдолчин байх юу нь муу гэж? Оёдолчин байхгүй бол бид нар юугаа өмсөж шалдан биеэ нуух билээ. Тэдэнд тэгж хэл. "Та нар оёдолчингуудын ачаар л даарахгүй, ганган хээнцэр яваа биз дээ" гэж. Өөрөө хийж чадахгүй байж чадаж байгаа хүнийг харчихаад муулаад сууж байна гэдэг маш тэнэг хүний шинж. Өөртөө таалагдсан зүйлээ хийж сурах нь хүний сайхан чанар шүү дээ. Тэгээд ч заавал тийм мэргэжилтэй болно гэхээрээ л барьж авдаг юм гэж хаа байхав. Ээж нь жишээ нь зурагчин биш хэрнээ зураг аваад л явдаг. Дуучин болоогүй ч дуу дуулдаг. Зураач биш хэрнээ зураг зураад л суудаг биз дээ? Тэр чинь өөртөө сайхан санагдсан зүйлээ хийж чаддаг байх сайхан хүсэл байхгүй юу. Амьдралдаа хүн зөвхөн эзэмших ёстой мэргэжлээсээ өөрийг хийхгүй байна гэдэг чинь харин ч хүнийг хоосон толгойтой болгодог юм. Миний охин оёдолчин болох албагүй ч хүссэнээ хийх эрхтэй. Хүнд сурсан жаахан юм ч байсан дараа нь заавал хэрэг болдог юм. Тэгэхээр миний охин маш ухаантай байна гэсэн үг.
Охин: -Ээж ээ, намайг бас манай ангийн охидууд аймар аальгүй гээд байна лээ.
Ээж: -Яагаад тэгсэн юм бол?
Охин: -Би хүүхдүүдтэй ерөөсөө хэрэлддэггүй юм. Манай ангийн хөвгүүд намайг хамгийн хөөрхөн ааштай охин гэж ярьсан гэсэн. Тэгээд л...
Ээж: -Миний охин чинь сайхан зөөлөн сэтгэлтэй болохоор л тэгж санагдсан байх л даа. Хүмүүс хүнийг хүссэнээрээ л дүгнэдэг шүү дээ. Охидууд чамайг хөөрхөн ааштай гэж хэлүүлэхээс илүү "аальгүй" гэж хэлүүлэхийг хүссэн байх л даа.
Охин: -Ээж ээ... Миний зүрх их өвддөг юм шиг байна лээ.
Ээж: -Яаж байна?
Охин: -Гудамжинд гуйлга гуйгаад сууж байгаа хүнийг харахаар зүрх өвдөөд байх шиг санагддаг. Бүр уйлмаар ч юм шиг... Бас эртээр нэг жоохон хүүхдийг том хүүхдүүд зодоод байхаар нь өрөвдөөд "болиоч" гэсэн чинь намайг "Ална шүү, чамайг" гээд чулуугаар шидсэн. Тэгэхэд миний зүрх өвдөөд байх шиг санагдсан.
Ээж: -Зүгээр ээ. Миний охины зүрх харин ч эрүүл саруул байна гэсэн үг. Өвдөж шаналдаггүй зүрх л жинхэнэ өвчилж байгаа хэрэг. Хүмүүс заримдаа юу хийж байгаагаа мэддэггүй юм. Харин тэрнийх нь хариуг амьдрал хүнд заавал зааж өгдөг байхгүй юу. Том болоод өөрсдөө хүүхэдтэй болохоороо тэр том хүүхдүүдийн зүрх ч бас тэр зодуулж байгаа хүүхэд шиг, бас чинийх шиг л өвдөх болно.
Охин: -Тэгвэл тэр том хүүхдүүдийн хүүхэд нь бас тэр жоохон хүүхэд шиг зодуулна гэсэн үг үү?
Ээж: -Яг л тэгнэ дээ.
Охин: -Тэгвэл миний хүүхэд ч бас над шиг тэгж чулуугаар шидүүлэх үү?
Ээж: -Яалаа гэж. Чи хүнийг хайрлаж, бас хамгаалсан учраас амьдрал чамд шагналыг нь өгнө гэсэн үг байхгүй юу.
Охин: -Ээж ээ, хүмүүс нүгэл хийхгүй гээд бурханд зальбираад байдаг. Тэр нь бас л амиа хичээсэн хэрэг юм даа, тээ?
Ээж: -Юу гэсэн үг үү?
Охин: -Яахав дээ, хэн нэгэн хүнд тусалбал дараа нь тэр тусалсаных нь хариу өөрт ирнэ гээд л байдаг даа. Тэгэхээр хүмүүс ч бас амиа хичээгээд л хүнд туслаад байдаг гэсэн үг биш юм уу?
Ээж: -Аан, тэгж бодож тусалж байгаа бол хариу нь ирэхгүй л байх даа. Харин зүгээр л сайхан тусалчихъя гэж санаад тус болбол хариу нь хэзээ нэгэн цагт заавал ирдэг байхгүй юу. Хүмүүс буруу тайлбарлаад байгаа юм аа.
Охин: -Ээж ээ, би найзтай болж чадахгүй юм шиг байна аа.
Ээж: -Яасан миний охин, эртээр хэдэн удаа орж ирээд хамт хичээл давтаад байсан найз охин чинь яасан юм?
Охин: -Харин би нэг нууцаа тэр охинд ярьчихсан юм. Дараа нь нэг өдөр хамт хичээлдээ явах ёстой байснаа мартаад би ганцаараа явчихсан байхгүй юу. Тэгсэн чинь тэр охин намайг хамт явсангүй гэж гомдоод манай ангийн охидуудад очоод хамаг нууцыг маань хэлчихсэн байна лээ. Тэгээд би дахиад уулзаагүй ээ. Ер нь охидууд жинхнээсээ найзладаггүй байх, тийм ээ?
Ээж: -Хайгаад яваад байвал найз олдохгүй л дээ. Жинхэнэ найз бол амьдралын замд гараад л ирдэг юм. Одоохондоо миний охин дөнгөж л хүмүүстэй танилцаж эхэлж байгаа болохоор үүрдийн найзаа олохгүй байгаа байх л даа. Ер нь ч тэгээд өөрийнхөө нууцыг сайхан аашилсан хүн бүхэнд хэлээд байх дэмий. Найз найз гэж гүйж гүйчихээд ганц үг хэлэхээр л гомдоод, хамаг хүнийг чиний эсрэг турхираад байгаа бол хариу хэлэх хэрэггүй хаяж орхисон нь зөв байдаг юм. Ухаантай хүн бол ойлгоно. Ойлгохыг ч хүсэхгүй байгаа бол оролдоод хэрэггүй.
Охин: -Танд үүрдийн найз гэж байгаа юу?
Ээж: -Үүрд гэдэг чинь хэзээ ч дуусахгүй үргэлжлэх цаг хугацааг хэлнэ. Манай дэлхий, манай сансарын ертөнц ч тэр үүрдийн гэдэг насыг наслахгүй. Тийм урт хугацаа байхгүй юу. Тэгэхээр тийм урт настай найз гэж хаа байхав. Хүн бүхэн л богинохон насыг наслаад дуусна шүү дээ. Тэр үед найз ч бас алга болно. Үүрдийн гэдэг үгийг хамаагүй битгий хэрэглэж бай. Найз нар гэдэг амьдралын чинь хэмнэлийг дагаад заримдаа олон болно, заримдаа цөөхөн болно. Заримдаа ганц нэг нь үлдэнэ. Заримдаа бүр ганцаарханыг чинь үлдээгээд бүгд л алга болно. Хүн бүхэн л тэгдэг юм. Гэхдээ тэр бүхэнд найз нарыг буруутгах хэрэггүй. Салхи чинь их олон өнгө, янзаар үлээдэг дээ? Зөөлөн сэвшээд үлээнэ. Халуунаар тургина. Шороогоор шуурна, хүйтэн жавраар хайрна. Халууцсан үед сэвшээ салхи нь сайхан. Даарсан үед жавартай нь тээртэй байдаг шиг л зүйл болж байгаа юм байна гэж ойлгоход болно.
Охин: -Ээж ээ, таны хамгийн их итгэдэг хүн чинь хэн бэ?
Ээж: -Эмээ, аав хоёр нь л байна даа.
Охин: -Яагаад?
Ээж: -Заа байз... Жишээ нь ээж нь заримдаа тэр хоёрыг уурлуулах юм хэлдэг дээ?
Охин: -Аанхаан.
Ээж: -Тэгсэн ч гэсэн тэр хоёр ээжид нь жинхнээсээ гомддоггүй биз дээ? Дараа нь урьдынх шигээ л инээж хөхрөөд юм яриад л сууж байдаг даа? Тэр чинь тэр хоёр хүн ээжид нь муу санаж чаддаггүй гэсэн үг байхгүй юу.
Охин: -Аан тэгвэл би ч бас танд тэгж итгэдэг юм байна. Та намайг заримдаа загнадаг ч гэсэн би танд хайртай хэвээрээ л байдаг.
Ээж: -Яг зөв.
Охин: -Ээж ээ, та багадаа бурханаас юм гуйдаг байсан уу?
Ээж: -Гуйдаг байсан. Долоон бурхан одонд орой бүр хүслээ хэлдэг байсан.
Охин: -Ямар хүсэл?
Ээж: -Намайг ухаантай болгож өгөөч гэж.
Охин: -Та тэгээд ухаантай болчихсон шүү дээ. Тэгэхээр бурхан хүсэл биелүүлдэг юм байна, тийм ээ?
Ээж: -Бурхан чинь хүсээд бас, тэр хүслийнхээ төлөө хөдөлмөрлөж чадсан хүнийг дэмждэг байхгүй юу. Харин зүгээр л хүслээ хэлчихээд л юм хум хийхгүй залхуураад гүйгээд байгаа хүнийг бурхан олж хардаггүй юм.
Охин: -Та яагаад ухаантай болгож өгөөч гэж гуйдаг байсан юм? Манай найз охидууд хөөрхөн нүдтэй, тэгшхэн хөлтэй болгож өгөөч л гэж хүсдэг гэсэн. Би бас заримдаа намайг давхраатай нүдтэй болгож өгөөч гэж хэлмээр л санагддаг. Даанч аавыгаа гомдчих байх гэж бодоод байдаг юм. Би чинь аавыгаа дуурайчихсан юм чинь аавыгаа баярлуулдаг давхраагүй нүднээсээ салчихвал гомдоочих болов уу гэж бодоод байдаг юм.
Ээж: -Ухаантай хүн өөрөө хөөрхөн байхыг, тэгшхэн хөлтэй байхыг, бас давхраатай нүдтэй байхыг ухаанаараа бодоод олчихдог байхгүй юу. Ухаантай хүн бүхнийг өөрөө хийж чаддаг гэж эмээ нь жаахан байхад хэлдэг байсан юм. Тэгээд л тэгж гуйгаад байсан юм.
Охин: -Аан, тэгвэл би хичээлдээ сайн сураад, сайн юм хийгээд, өдөр болгон шинэ үг цээжлээд байвал бурхан миний хүслийг биелүүлэх юм байна, тийм ээ?
Ээж: -Тэгэлгүй яахав. Миний охин хүссэнээрээ хийж сурах гэсэн бүхнээ сайн сурчихвал аяндаа л хүссэн болгоноо авч чаддаг болно.
Охин маань нэхмэлээ сурамгай үргэлжлүүлэх зуураа ээждээ ч бас сонин сайхан санаануудыг хэлж өгч байгаагаа өөрөө мэдээгүй байх. Хүүхдээ сургах зуураа зарим нэг бодлогынхоо хариуг олчих шиг болов.
6 comments:
Dajgui bichleg bn.
Эрэгтэй хүүхэдтэйгээ эцэг хүн хэрхэн ярих бол?
танай хөөрхөн охины яриа юу?
ээжийгээ дуурайсан ухаантай охин шүү
ohin chen iim tom biluu
Бат-Ундраа гялайлаа хөө
Дашравдан, харин сонирхож нэг үздийм үү?
Гилийн хатан, сайн уу хонгороо? Танайхаар зочилоод л бгаа. Сээгий л үлдээж чадахгүй бгаа болохоос биш. Банжигийн блог нээлттэй бгаа шүү
Жагаа, хүү маань түүнээс ч том доо хөө :)
huurhun yumaaa hurdan iim uulhun ohintoi boloh yumsan!!!
Post a Comment