2011-05-10

Оюунт монгол аянд оролцох хүсэлтэй хэн ч байсан дурдсан хаягаар холбогдож болно

Уриалга


Аливаа үндэстэн, улс орны хөгжлийн гол түлхүүр нь оюун билгийг дээдэлж, уламжлал шинэчлэлийг хослуулсан нэгдмэл тэмцэл, хөдөлмөр зүтгэлийн үр дүнд бий болсон үнэт зүйлд байдаг билээ. Иймээс “Монголын Психотроникийн хүрээлэн” ТББ, “UB лавлах 1617”-той хамтран “Оюунт Монгол” жилийн аяныг эхлүүлж байна.
Нийгмийн оюуны сэтгэлгээг идэвхжүүлэх, хөдөлмөрийн хүмүүжлийг таниулан төлөвшүүлэх, ном судрыг эрхэмлэх, ахмад үеийн үнэт өв уламжлалд суурилсан мэдлэг ухааныг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан эзэмшсэн шинэ үеийн чадварлаг, оюунлаг монгол бие хүнийг төлөвшүүлэхэд аяны зорилго оршино.
“Оюунт Монгол” аяны хүрээнд шинжлэх ухаан, танин мэдэхүйн бодит мэдлэгийг олгосон, хүмүүн байгаль, сав шим ертөнцийн шүтэлцээ холбоог ухааруулсан, байгаль экологийн тэнцвэрийг хамгаалахын төлөө тэмцсэн, эх хэлнийхээ боловсролыг дэмжсэн, монгол хүний сэтгэлгээний чадварыг хөгжүүлсэн аливаа санал, санаачлагыг дэмжинэ.
Бид хөгжлийн зөв чиг баримжаатай, бодитой ажил хийж буй байгууллага, хамт олон, хувь хүнийг алдаршуулан сурталчлах, урамшуулах, санхүүжүүлэхэд туслан дэмжих болно.
Аяныг дэмжиж оролцох, саналаа ирүүлэх байгууллага, хамт олон, хувь хүн, хэвлэл мэдээллийн байгууллага доорхи хаягаар бидэнтэй холбоо барина уу.
“Оюунт Монгол”-ыг хамтдаа цогцлооё.

Утас: UB лавлах 1617
Факс: 311689
Цахим шуудан: mongol@ub1617.mn




“Оюунт Монгол” аянаар зохион байгуулсан арга хэмжээнүүд



Нийслэлийн 45-р сургуулийн сурагчид долоо хоног бүрийн Бямба гарагийг номын хишиг өдөр болгон ном унших хөдөлгөөнийг эхлүүлсэн байна. Энэхүү аяныг дэмжин UB лавлах 1617, Монсудар хэвлэлийн газар, Үндэсний төв номын сан, Монголын оюун ухааны төв, Монголын Психотроникийн хүрээлэн хамтран “Оюунт Монгол” аяныг эхлүүлжээ. Энэхүү аяны хүрээнд тус сургуулийн хамгийн их ном уншсан, уншсан номоо амьдралдаа хэрэгжүүлж буй 10 сурагчийг тус байгууллагууд нэрэмжит шагналуудаараа шагнасан байна. Мөн Монголын Психотроникийн хүрээлэн тус сургуулийн номын санд 99 ном бэлэглэсэн бөгөөд 100 дахь номыг та болон таны байгууллага бэлэглэхийг уриалсан байна.



“UB лавлах-1617” лавлах үйлчилгээний хамт олны санаачилсан “Оюунт монгол” аян өрнөж байна. Монгол хүний оюуны чадавхийг хөгжүүлэх, хүүхэд, залуусыг номын амтанд оруулах, уншдаг, сэтгэдэг, мэдлэг, боловсролтой хүчирхэг оюунт монголыг төлөвшүүлэх зорилготой уг аяны хүрээнд их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хамгийн олон ном уншсан залуусыг тодруулан урамшуулах арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлжээ. Аяны хүрээнд Нийслэлийн 45-р сургууль “Номын хишиг өдөр”, Эрдмийн ундраа сургууль “Ухаан далай номоос эхтэй” зэрэг арга хэмжээг явуулжээ. UB лавлах 1617, Монголын Психотроникийн хүрээлэн, Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбоо, Равжаа медиа, Цагаан бамбарууш зэрэг хэвлэлийн газрууд, Цахим номын дэлгүүр болон Өдрийн сонин, Зууны мэдээ, Үндэсний шуудан сонинууд дээрх аянд тэргүүлсэн багш, сонсогчдыг урамшуулан шагналаа.


“Оюунт монгол” аяны хүрээнд Цагдаагийн академи дээр гуравдугаар сарын 21-нээс энэ сарын 22-ыг дуустал “Ном бол мэдлэгийн түлхүүр” сарын аяныг “UB лавлах-1617” лавлах үйлчилгээний хамт олон зохион байгуулж дүнгээ гаргажээ. Сарын хугацаанд хамгийн олон ном уншиж, уншсан номынхоо тухай тэмдэглэл хөтөлсөн 422 дугаар дамжааны сонсогч Ч.Нарангэрэл тэргүүлж “UB лавлах-1617”-гийн хамт олон болон “Оюунт монгол” аяныг дэмжигч байгууллагуудын шагналын эзэн болов. Хоёр, гуравдугаар байруудад 123 дугаар дамжааны сонсогч И.Занабазар, 132 дугаар дамжааны сонсогч Ч.Энхбат нар шалгарчээ. Ийнхүү “Оюунт монгол” аяны хүрээнд зохиосон сарын аян Цагдаагийн академийн 1200 гаруй сонсогчдын дунд амжилттай явагдлаа.


Бүх төрлийн мэдээ мэдээллээр 24 цагийн туршид үйлчилдэг “UB лавлах 1617” нь шинээр номын төвлөрсөн лавлахын үйлчилгээг үзүүлээд нэлээдгүй хугацаа өнгөрүүлээд байгаа билээ. Уншихыг хүссэн, уншихаар сонирхож байгаа, хайж байгаа номын мэдээллийг аль номын худалдаанд, ямар үнээр худалдаалагдаж байгааг 1617-гэсэн дугаарлуу залгаад л мэдэх боломжийг үйлчлүүлэгчиддээ олгож байгаа юм. Хэрэв худалдаанд байхгүй байгаа тохиолдолд ямар номын санд байгаа мэдээллийг ч мөн өөрийн номын мэдээллийн сандаа багтаагаад байгаа юм байна.

Нийслэлийн 45-р сургууль дээр хэрэгжсэн Номын Хишиг Өдөр арга хэмжээ нь бодитой үр дүнгээ үзүүлсэн учраас UB лавлах 1617, Монголын Психотроникийн хүрээлэн “Оюунт Монгол Аян”-ыхаа хүрээнд нийслэлийн Эрдмийн Ундраа цогцолбор сургууль дээр “Ухаан далай Номоос эхтэй” сарын аяны арга хэмжээг эхлүүллээ.


“Ухаан далай номоос эхтэй” сарын аянд идэвхитэй оролцохыг уриалан “UB лавлах 1617”, “Монголын Психотроникийн Хүрээлэн” ТББ, “Мон судар” хэвлэлийн компани, “Непко Паблишинг” компаниудтай хамтран ном уншихын ач тусын талаар хүүхэд багачуудтай ярилцан, ном сайн уншиж, эрдэм оюунаараа байнга тэргүүлдэг сурагч багачуудыг номтой нөхөрлөн сурлага, хөдөлмөртөө өндөр амжилт гаргаарай хэмээн дурсгалын зүйлээр урамшууллаа.

Дээрх уриалгын дагуу Оюунт монгол аянд оролцох хүсэлтэй хэн ч байсан дурдсан хаягаар холбогдон оролцож болох юм байна.

0 comments: