2012-01-03

Мэдээж өвлийн өвөө ирсэн

Уламжлал ёсоор 12-р сарын 31-ний өглөө өвлийн өвөө гэрэлт гацуурын доор ууттай бэлгээ үлдээсэн байлаа. Өвлийн өвөөдөө итгэдэг хэвээрээ байгаа 12 настай охины захидал өвөөд онцгой сэтгэгдэл төрүүлсэн бололтой. Бас түүний өнгөрсөн жилд авсан гурван том шагнал нь бэлэг авах нэг том шаардлагыг зүй ёсоор хангаж. Боловсролын яамны хамгийн олон ном уншсан хүүхдэд олгодог шилдэг уншигч медаль, сургуулийн тэргүүний бүжгийн шагнал, онц сурлагатаны эгнээнд бүрмөсөн орсон хичээл чармайлт, ангийн оны гүнжээр шалгарсан өсөж яваа охины гуйлт нь үсийг олон янз хэлбэртэй болгодог индүү байв. Өөрөө ч түүнийгээ эвтэйхнээр тайлбарлачихсан байлаа. Тиймээс өвлийн өвөө охины хүсэлтийг ёсоор болгож хүссэн бэлгийг нь уутлан илгээсэн төдийгүй өөрийнхөө хөрөг зураг бүхий ил захидлыг, бэлэг авах жагсаалтанд багтсан дэлхийн олон орны хүүхдүүдийн нэрсийн хамт /тэр дунд Sarnai гэсэн нэр тодоор дурайж байлаа/ илгээсэн байлаа.

Охин хязгааргүй баярлаж, өөд уруугүй дэвхцэж, дүүгийнхээ өмнөөс гуйсан хөлд оруулдаг тэргэнцэр дээр жаахан дүүгээ суулгаад өдөржин инээмсэглэл дүүрэн өнгөрүүлэв. Өчүүхэн төдий үлдсэн байсан эргэлзээ энэ удаад бүрмөсөн алга болж, өвлийн өвгөн үнэхээр байдаг гэдэгт охин итгэсээр үлдсэн юм. Тийм ээ, өвлийн өвөө үнэхээр байдаг юм. Цагаахан сахалтай, нүд гялбам дулаахан инээмсэглэлтэй, хээнцэр гоё өмсгөлтэй тэр өвлийн өвөө миний хүүхдүүдийн сэтгэлд мөнхөд оршин тогтнох болтугай.

Хүн үнэхээр хичээвэл тэрхүү ажлын үр дүн заавал гардаг төдийгүй, өөрийн хөлс хүчээр бий болсон бүтээл, чармайлтаараа амжилтанд хүрч болдог гэдгийг л бид хүүхдүүддээ ойлгуулах гэхдээ өвлийн өвөөг ийнхүү амьдруулахыг зорьсоор байгаа билээ. Хөдөлмөр, хөлс, чин сэтгэл, чармайлтуудын ард заавал шагнал ирдэг юм даа. Хүн ямар орчин, ямар хүмүүсийн дунд амьдарч байгаагаараа тэрхүү хичээл чармайлтынхаа хариуг авдаг гэж би хувьдаа боддог. Бага хичээвэл багахан л баяр жаргал, их хичээвэл ихээхэн л амжилт ололтыг дагуулна.

Тийм ч учраас миний гэр бүлийн хувьд чин сэтгэл, хөдөлмөр зүтгэлийг шударгаар үнэлж чаддаг өвлийн өвөө үнэхээр байдаг юм гэдгийг олон хүүхдэд ойлгуулах гэж хичээж явна. Та бүхэнд шинэ оны мэндийг хүргээд, зорьсон санасан бүхэн чинь сэтгэлчлэн бүтэж, дараа жил айлчлан ирэхэд шударгуу сэтгэлт өвлийн өвөөгөөс олон сайхан бэлгийг хүлээн авах болтугай гэж ерөөе.

3 comments:

Гилийн хатан said...

Shine onii mend hurgiye. 2012 on tanai ger buld bolon chinii uran buteeld az jargal amjiltaar duuren jil baih boltugai.

Anonymous said...

Tand bolon tanii ger buld 2012 on amjilt buteel, eruul mend, az jargal buhniig avchrah boltugai. Sarnai ohind Urgoo cinema-d garch bga "Arthur Christmas" gedeg huuheldein kinog uzuuleerei. Ter kinond Santa ovoo yaj 1 shoniin dotor delhiin huuhduuded beleg taraaj amjdag tuhai gardag hoorhon kino baina lee.
Amjilt husey.
Saruul

bolor7erdene said...

Гилийн хатан, анд минь сайн уу? Чамд ч бас аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье хонгор оо

Саруул, баярлалаа хөө. Заавал үзүүлнэ ээ. Тэр тухай чинь л асуултууд ундраад бгаам, хэхэхэ