

Бидний хэсэг уран бүтээлчид нэгдээд хэдийнэ гурван жилийн нүүрийг үзчихэж. Энэ удаад олз омог, амжилт бүтээлээр дүүрэн байгаа хамт олноо танилцуулах нь нэр төрийн хэрэг хэмээн үзлээ. МЗЭ-ийн шагналт зохиолч, МСЭ-ийн захирал, "Гэгээн Муза", "Алтан-Өд" шагналын эзэн, орчуулагч-сэтгүүлч Б.Галаарид захиралтай "Цалиг" хэвлэлийн газар байгуулагдсан цагаасаа залуу уран бүтээлчдийг дэмжихээр "Өөр өнгө" цувралыг хэвлүүлэн гаргадаг болсоныг уран бүтээлчид андахгүй. Энэхүү хэвлэлийн газрын дэргэд "Гэрэлт цалиг" танин мэдэхүйн сэтгүүл, "Цалиг" ТВ студи ажиллаж байна. Цалиг нь онгод буюу шүтээн хэмээн орчуулагдах эртний үг.
Харин онгод шүтээнийг дээрээ залсан энэхүү онгод хийморь ихтэй уран бүтээлч хамт олны бүрэлдэхүүнд шог зохиолч А.Амарсайхан, зохиолч Т.Бум-Эрдэнэ, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Эрдэнэсолонго, залуу яруу найрагч Т.Пүрэвжаргал болон миний бие багтан ажилладаг билээ.
Зохиолч А.Амарсайханыг "Хэцүү анги", "Тусгай салаа" киногоор нь та бүхэн андахгүй. Амараа маань сая "Тусгай салаа" киногоороо Төрийн хошой шагналт, нэрт зохиолч Лодойдамбын нэрэмжит шагналаар энгэрээ мялаагаад авсан. Харин алсын Америкаас эх орондоо ирээд удаагүй байгаа зохиолч Т.Бум-Эрдэнэ маань МЗЭ-ийн гишүүнээр элсэж, "Эмэгтэй ном", "Өнөөх" зэрэг өгүүллэгийн түүврээ өлгийдөн аваад байна. Өнгөрсөн 9-ний өдөр зохиолч Б.Галаарид маань Оросын нэрт зохиолч Варлам Шаламовын өгүүллэгүүдийн орчуулгаараа оны шилдэг бүтээл "Алтан-Өд" шагналыг хүртсэн бол миний бие "Хишигт" дурсамжит туужаараа мөн шагналын хүүхдийн зохиолын төрлийн шилдэг бүтээлийн шагналаар бас энгэрээ мялаагаад авсан.
Тиймээс Цалигийн уран бүтээлчид онгодоор цалгиж халгиж байна гэж хэлмээр санагдана.
Харин бидний гол түшиг болсон Б.Эрдэнэсолонго, Т.Пүрэвжаргал хоёр маань дээрх бүтээлийн эздийнхээ ар ажлыг нугалах, редакторлох, менежментийг нь хөөцөлдөх гэх мэт олон чухал ажлыг гүйцэтгэсээр өөрсдийнхөө бүтээлийг ч барих завгүй гүйдэг билээ. Гэхдээ бид ирж буй энэ сайхан жилээ дээрх хоёр найрагчийнхаа бие даасан бүтээлүүдийг олонд таниулах, хэвлүүлэн гаргах ажлаар эхлүүлэхээр шамдан орцгоогоод байна.
Сэтгэл, зүтгэл, эв ая, зорилго чиглэл нийлсэн бидний хэдэн уран бүтээлч Монголынхоо дэлгэцийг, тайзыг, айл өрхүүдийн номын шүүгээ, оюуны санг өөр өөрсдийнхөөрөө баяжуулах гэж хичээн ажиллаж байгаа нь энэ билээ. Зөвхөн өөрсдийн бүтээлээс гадна залуу уран бүтээлчдийг утга зохиолын халуун тогоонд хөтлөн оруулах, ахмад судлаач, эрдэмтдийнхээ бүтээлийг уншигчдад хүргэх ажлуудыг шамдан хийсээр сууна. Мөн бидний хэдэн уран бүтээлчийн ажил үйлсийг урагштай байлгахын төлөө хамаг сэтгэл зүрхээ зориулж чаддаг "Эмээлцэгийн гол" ХХК-ийн захирал Ш.Должинсүрэн, "Хос цалиг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батцэнгэл болон тэдний хамт олныг дурдахгүй байж боломгүй. Яг л нэг л хамт олон шиг хийсэн бүтээсэн бүхнийг маань урамшуулж, баяр хөөрийг маань хувцалцаж байдаг та бүхэндээ талархаж суудгаа ямархан сэтгэлээр илэрхийлнэ билээ? Чин сэтгэлээсээ гялайлаа.
Цалиг хэвлэлийн газрын уран бүтээлчдийн маань онгод улам дээшээ цалгиж байх болтугай.
Уран бүтээлчдийн цахим хуудсууд:
Б.Галаарид http://galaarid.mn/ http://galaarid.blogspot.com/
А.Амарсайхан http://amarsaikhan.blogspot.com/
Т.Бум-Эрдэнэ http://bumerdene.blogspot.com/
Х.Болор-Эрдэнэ http://bolor7erdene.blog.banjig.net/
Зохиолч Х.Болор-Эрдэнэ
3 comments:
Сайхан хамт олны амжилт нь бялхаж байг ээ кк
Гоё юмаа сайн хүмүүс нэгнээ олоход ганцаардсан над шиг хүн атаархмаар санагдах юм,гэхдээ болороо эгчийнхээ андуудад ажлын амжилт хүсье,үнэхээр мундаг уран бүтээлчид нэгдсэн бна
мундаг залуус нэгдэж байгаам бндаа та хэдэд амжилт хүсье бүгдээрээ л миний унших дуртай зохиолчид бн. Төрөө
Post a Comment