2012-01-25

Эмэгтэй хүний ертөнцөд тавтай морил





Дон Жуан гэдэг хэвшмэл нэршлийг зөвхөн шалиг завхай эрийн түүх гэсэн өрөөсгөл хандлагаар тайлбарлахыг хүлээн зөвшөөрөмгүй санагддаг юм. Францын, бидний сайн мэдэх реалист утга зохиолын “Дон Жуан” Ги де Мопассан “Зөвхөн эмэгтэй хүн л чин үнэнчээр хайрлаж дурлаж чадна” гэж яагаад хэлсэн юм бол оо. Тэгэхээр юу гэсэн үг вэ, эрчүүдэд боломж байхгүй гэж үү. Алдартай зохиолч хайрын газрын зураг барьчихаад нэг насаараа малтлага хийгээд олж чадсан нь энэ. Эрчүүдэд боломж, магадлал тун бага гэдгийг бүр сүүлд шинжлэх ухаан тайлж, 7 билүү 17 секунд тутамд эр хүний бэлгийн эс ялгардаг, тиймээс эрчүүдийн хувьд хайраас илүүтэй үр төлөө үлдээх зөн давамгайлдаг тухай байгалийн учир зүй талаас нь тайлбарласан билээ.
За, ингээд гол зүйлдээ анхаарлаа хандуулья. Зохиолч Т.Бум-Эрдэнэ эмэгтэй хүний тухай ном бичжээ. Зөвхөн бичээд зогсохгүй энэ хачин/гайхам/ ертөнц рүү өнгийж, тэндээс олж харснаа бидэнд дэлгэн үзүүлж байна. Жич:Т.Бум-Эрдэнэ нь эрэгтэй, “Сэмэрч үл барагдана”, “61 ах” зэрэг өгүүллэгийн түүврээ хэвлүүлсэн, эхнэр, хүүхэдтэй, тохитой томоотой, үргэлжилсэн үгийн төрөлд цаашид үргэлж яригдах магадлал тун өндөр хүн гэдгийг дашрамд цухас танилцуулья.
…Эмэгтэй хүнийг хайрлаж чадсан хүн л хамгийн сайн ойлгоно. Бүхний өмнө ил хэрнээ хамгийн нууцлаг энэ ертөнцийн талаар бусдад ойлгуулахаар махран зүтгэнэ гэдэг нэг талаар сайн хандлага,бас ихээхэн бөх зүрхтэй хүний барьж авч хийх ажил юм. Учир нь эмэгтэй хүн өөрөө өөрийнхөө тухай бичээд ч хайрын /хүн судлалын/ их шинжээчид хэдэн зуун жил нухаад ч олигтой үр дүнд одоо хүртэл хараахан хүрээгүй байгаа юм.
Энэ номыг уншаад дараахь асуултуудыг өөртөө тавьж үзлээ.
-Яагаад эрэгтэй хүн хүүхэд төрүүлдэггүй юм бэ.Үүнд нэмэлт болгон бяцхан тайлбар:
-Яагаад хүнээс хүн төрдөг цорын ганц тохиолдол нь зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай/мэдээж эрчүүдийн оролцоог энд үгүйсгэхгүй/ байна вэ.
-Яагаад “Сэмэрч үл барагдана” гэж бичээд байна вэ. Эх хүн сэмэрнэ гэж яадаг юм. Яагаад сэмрээд дуусчихдаггүй юм бол.
-100 доллар хийгээд шүүдрийн дусал хоёрын аль нь үнэтэй вэ. Аль аль нь эхийн ачийг бүрэн хариулж чадах уу.
-Эмэгтэй хүний зүрхийг шилжүүлэн суулгасан ч хайрыг нь бас зүрх шиг шилжүүлэн суулгаж болох уу.
- Яагаад үргэлж зүрх, дээр нь нэмэх нь сэтгэл гэсэн холбоо үгс хайртай, эмэгтэй хүнтэй хоршиж сонсогддог юм бэ.
-Яагаад 40 настай хижээл эмэгтэй нөхрөө хууран байж болзоонд явахдаа “Victoria secret”-ийн дотуур хувцас өмсдөг вэ.
-Ер нь яагаад эхнэрүүд нөхрөө хуурдаг вэ.
-Хууралтын дараа хүүхнүүд яаж гэртээ орж ирдэг вэ.
-Эсвэл нөхөр нь хуурсны дараах эмэгтэй ямар байдаг вэ.
Яагаад эмэгтэй хүн эр нөхрөө ээжээсээ илүү хайрладаг юм бэ.
-Яагаад хуурч мэхлэгдсэн эмэгтэй нөхөртөө зориулан”Чи миний гэрэлт амьдралд хүрэхийн тулд авирсан гаслант шатны хамгийн сүүлчийн гишгүүр байх болно” гэж хэлдэг юм бэ.
-Яагаад энэ бүхнийг эрэгтэй хүн бичиж байна аа.
Энэ үй олон “яагаад”-ын хариулт мөдхөн таны шимтэн унших “……….” номонд бий. Тиймээс эмэгтэй хүний ертөнцөд тавтай морил.

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Эрдэнэсолонго

2011.11.01


Т.Бум-Эрдэнэ маань ийм хоёр ном гаргачихаж. Уншаад суухад ухаарал сэхээрэл хоёрыг зэрэг өгсөн энэхүү номын нэгийнх нь өмнөтгөлийг Б.Эрдэнэсолонго бичиж, эхийг нь "Цалиг" хэвлэлийн газарт бэлдэж хэвлүүлжээ. Блог ертөнцөд анх төрсөн гэж хэлж болох номын андын маань удаах номууд ар араасаа шил даран гарсаар байх биз хэмээн итгэж байна.

1 comments:

Бөбөг said...

Сайхан номнууд, дөнгөж сая уншиж дуусгалаа.