

Зохиолч-сэтгүүлч, орчуулагч Б.Галааридын орчуулсан Оросын нэрт зохиолч Варлам Шаламовын "Хорих лагерийн өгүүллэг"-үүдийг босон суун уншиж дуусгав. Бид амьдралыг чухам аль өнцгөөс хардаг тухай энд огт дурсахгүй. Ердөө л хүмүүс гэдэг эцсийн цэгтээ хэн болж хувирах бол гэдэг санааг дэвшүүлж тавьсанаараа энэ ном онцгой сэтгэгдэл төрүүлсэн юм. Бидний зовлон гэж боддог үйл явдлууд, бэрхшээл гэж санадаг юмс үзэгдлүүд үнэндээ яг юу вэ? Одоогийн цаг үеийнхэн бид олдсон жаргалдаа хэтэрхий их ташуураа юу гэдгийг энэ номыг уншиж байхдаа тун чиг удаанаар бодолхийлэв. Эцсийн цэг дээр очоод би хэн болж хувирах бол гэдэг аусултыг ч өөртөө тавьж үзлээ.
Ойрдоо ингэтлээ барин тавин унших номтой таараагүйгээ тэгэхэд л мэдэрсэн гэхэд болно. Сибирийн тайгын 50 хэмийн хахир хүйтэнд өлссөн бас ядарсан, өвчилж туйлдсан хүмүүс юуны төлөө амь биеийг удтал хадгалан оршсоор байсныг энэ ном л өгүүлж чаджээ. Хаалттай цаг үед болгоомжгүй хэлчихсэн зоримог үгнийхээ төлөөсөнд бүх насаараа цөлөгдөх ял хүлээсэн орос зохиолч маань тэр бүх зовлонг өөрийн биеэр туулж, хүмүүсийн жинхэнэ мөн чанарыг таниж авсан ховорхон намтартай бүтээлчдийн нэг юм. Жинхэнэ эрх чөлөөг мэдрэх цагийг хүлээсээр, өөрийнхөө бичсэн бодит түүхээс сэдэвлэсэн зохиолуудыг хэвлэгдэх цагийг хүлээсээр насыг барсан ч тэр итгэлээ хэзээ ч алдаагүй гэдэг.
"Бидний ясан дээр тохогдож үлдсэн шалихгүй өчүүхэн булчингийн давхраанд идэж ууж, хөдөлж амьсгалж, тэр бүү хэл гуалин хөрөөдөж, түрдэг тэргэнд элс, чулуу хүрздэн хийж, алтны уурхайн хязгааргүй урт нарийхан модон замаар түүнийгээ түрж, алт угаах төхөөрөмжинд хүрэх боломж олгож буй энэхүү булчингийн давхраанд хүний хамгийн амь бөхтэй мэдрэмж болох уур хилэн л ганцаар оршиж байлаа."
Энэ ганцхан өгүүлбэр уншигч танд агшны тухай нэгэн мэдрэмжийг үлдээх нь гарцаагүй. Гэхдээ бүтэн уншсаныхаа дараа дахин шинээр төрж, өөрт олдсон энэ амтат амьдралын агшин бүрийг хайрлана гэдэгт би хувьдаа итгэлтэй байна. Орчуулагч Б.Галаарид маань сая энэ номоороо "Алтан-Өд" наадмын шилдэг бүтээлийн шагналыг авсан гэдгийг хэлүүлэлтгүй та мэдэж байгаа. Гэхдээ аливаа шагнал гэдэг нүдээ олчихвол бүтээгчдээ ч тэр, уншигчидад ч тэр ямархуу баяр хөөрийг төрүүлдэгийг дээрх номыг олж үзсэнийхээ дараа ойлгох болно.
Зохиолч Б.Галаарид өөрөө ч амь нас нь дэн дунхан, эрүүл мэнд нь асар тааруухан байхдаа энэ номыг сүүлчийнхээ бүтээл болгож чин сэтгэлээсээ мэдэрч, ойлгож, бүх цаг хоромоо зориулан байж орчуулсан гэдгээ нуугаагүй. Тэгэхээр бүтээл, бүтээлч хоёр нэгэн шугамд яв цав нийцэж, бие биедээ уусаж байж боссон тийм нэгэн онцгой бүтээлийг энэ удаад санал болгож байна. Ингээд Варлам Шаламовын ертөнцөд тавтай морил.
2 comments:
Ih bayarlalaa! Zaaval unshinaa
gants neg nom avay gej bodoj baisiin. ene nomiig nemj avnaa :)
Post a Comment