Х.Болор-Эрдэнэ
Уг нь эхлээд ийм төрсөндөө баярлаж байлаа. Харин одоо бол гутаж байна. Яагаад гэвэл сэглүүлж, тасдуулсан навчис маань сэрчигнэхдээ ёолдог болж. Өмлүүлж, мэрүүлсэн холтос маань хамгийн нялх салхинд ч чихран гийнаж, эх биенээсээ салж хагацах гунигийн дууг хэтэрхий балчираасаа аялдаг болчихож. Аялах биш хашгирдаг ч байж мэднэ. Аяндаа салаалдаг мөчрүүд минь айдсаа дарж дийлэлгүй ганцхан бүдүүн мөчир дотор улам гүн ярган шургалдаг болж. Тиймээс би салаалахаа больчихоод ганц шовгор юм төдий л харагдана. Магадгүй энэ их айдас, энэ их өвдөлтүүд намайг улам хүйтэн зэвүүн харагдуулаад байж болох юм. Тиймээс ч тэртэй тэргүй дуусаж, уусаж байгаа энэ муу өнчин модыг жиргээд галд түлчих, эсвэл цагаалаад хашааны шон, манааны шовгор болгочих хүсэлтэн дэндүү их болсон байж ч мэднэ.
Гэхдээ миний үндэс. Тэнд, газар доор, хэн ч олж харахгүй тийм нууцлаг орчилд бат бэх гагнаасаа улам зузаатган ургасаар байгааг олонх нь анзаараагүй. Азаар ил харагдахгүй тулдаа л намайг жир салхинд аваад шидчихэлгүй ганхуулсхийн барьж байдаг биз. Хөрсөн дээр шархандаа шаналсан бие минь зовиураа зарлан шулдан ганц шовгор юм ганхаж байгаа ч хэдхэн инчийн зузаантай зөөлөн ногоон хөрсөн доор жинхэнэ амьдрал минь цэцэглэж байгааг хэн мэдэх юм бэ? Төсөөлж байгаагаас ч урт замыг үндэс маань хэдийнэ туулж амжсан.
Бие минь тасран унах өдөр ирэх ч би дахин ургах нь гарцаагүй. Өөр хаа нэгтэйгээс үндэсний минь өчүүхэн үзүүр хүрсэн газраас дахин ургаж л таарна.
Хурц сүхний хангинасан дуу элэг бөөрний минь хавилцаа хан янхийн зэрлэгээр дуугарах тэр мөчид би арайхийн хөдлөх амаараа сүүлчийн удаа мушийж чадлаа. Цавчуулж байхдаа л би мушийх гэж ийм удаан тэссэн хэрэг. Гэхдээ цавчихаас өөрийг мэдэхгүй хөлдүү хүйтэн сүх унаж байхдаа миний аялсан хөгжилтэй дууг олж сонсоогүй л юм даа.
0 comments:
Post a Comment