2012-02-05

Сайд нарт зориулсан бяцхан лавлагаа захидал

Сангийн дэд сайд Ч.Ганхуяг гэдэг хүнээс улс төрд орсон шалтгааныг нь "Шууд" ТВ сонирхсоныг хэрэгт дурлан сонсов. Мань хүн алдарт 7-р сарын 1-ний хэргээс болж улс төр лүү ханцуй шамлан орсон гэнэ. Тос дотроосоо яаж өтдөгийг дотор нь орж харах хүсэлд автсан юм байна. Гэхдээ сайд маань дотор нь ороод жаахан хараа муутай болчихсон бололтой. Нэг ширхэг талхныхаа үнийг мэдэхгүй сууж байгаа харагдана. Түүнийг ч өөрийнхөө ажилтай нэг их хамаарахгүй зүйл ухааны юм ярьж байгаа харагдана. Бас боловролын системд нэвтрээд нэлээд хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа ABCD үнэлгээнийхээ учрыг ч олохгүй сууж байх юм. Бид нар юм л бол эднийгээ зэмлээд хатуурхаад суухаар хааяа ч болов ч мэдлэгт нь дусал нэмэрлэж байх хэрэгтэй юм уу гэж бодоод сайд нарт зориулсан бяцхан лавлагаа маягийн юм хийчихлээ. Эрхэм сайдууд маань төр түмнийхээ төлөө үмх талхаа ч аваад идэх завгүй л явдаг байлгүй. Эсвэл сүүлийн үед баячуудын дунд моод болоод байгаа филлипин үйлчлэгч, тогооч нарынхаа хайранд бөмбөрөөд олон түмнээ түр мартагнасан байж ч болох юм. Юутай ч тэдэндээ иргэнийхээ хувьд туслах нь зүйтэй хэмээн санав.

Сайн байна уу, сайд нар аа? Доорх лавлагааг принтерлэж аваад халааслаад яваарай. Амьдралд чинь бага ч болтугай нэмэр болох биз ээ хэмээн хаяглав.
Талхны үнэ:

Нэг ширхэг талхны үнэ үйлдвэр, нэр шошгоноосоо болоод 900-1800 төгрөгний үнэтэй байгаа. /Дэлгүүрт зарагдаж байгаа үнийг чухалчилав.../


Үнэлгээ:

А- үнэлгээ нь хуучнаар бол онц дүн л гэсэн үг. 90-100 оноо
B- 80-89
C- 70-79
D- 60-69
F- 59-00

Махны үнэ:

1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4994 төгрөг, үхрийн мах /ястай/ – 5625 төгрөг, ямааны мах - 4180 төгрөг, адууны мах – 4417 төгрөг, хонины цул мах – 5080 төгрөг, үхрийн цул мах – 6263 төгрөгийн үнэтэй байна билээ. Нөөцийн мах худалдаанд гарч, үхрийнх 3700 төгрөг, хониных 3200 төгрөг, ямааных 2800 төгрөгөөр худалдаалагдаж байна. Гэхдээ энэ нөөцийн мах нэртэй чулуужсан ястай махнууд нь бас олдоц ховортой л доо.

Гурилын үнэ:

Гурилын үнийг 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХХК-ийн савласан дээдийн дээд гурилын үнэ 4.6 хувь, дээд гурилын үнэ 1.1 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 1.3 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 2.9 хувь, хятад дээд гурилын үнэ 1.1 хувиар өссөн бол, бусад гурилын үнэ тогтвортой байна.
Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХХК-ийн савласан дээдийн дээд гурилын үнэ 0.5 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 1.0 хувиар өсчээ.

Биеэ үнэлэгч:

Эрэгтэй биеэ үнэлэгч-Цагийн 20.000, хоногийн 150.000 төгрөг. Илүү удаан хугацаагаар ашиглая гэвэл өртөг нь мэдээж нэмэгдэнэ.

Эмэгтэй нь-2500-250000000 төгрөгийн ханштай. Гэхдээ төрөл, ангилал, зэрэг дэвээсээ хамаараад ханшийн зөрүү ихтэй гэнэ билээ. Хэрвээ 10 саяас дээш төгрөг танаас нэхэж байгаа бол магадгүй та нөмөр нөөлгөндөө аваад нууцхан ханилж суугаа байж мэдэх юм. Тэгвэл танд баяр хүргэе. Та дээд зэрэглэлийнхийг нь олчихож. Хэрвээ хоногийн хоол, түлээ нүүрс, эсвэл цувдайгаар ч хамаагүй явъя гэсэн саналыг танд тавьж байгаа бол их л доошоо орох нь дээ.

Цувдай:

Баянхошуунд цувдай ямар үнэтэй байгааг мэдэх үү гэж улстөрчид нэгэндээ аархаж суудаг гэнэ билээ. Уучлаарай, урьдын юм ул болсоон хөө. Цувдайг одоо ядуус л зооглодог гэвэл андуу явдал болно. Тиймээс Баянхошууныхан л цувдайгаар голоо зогоож суудаг хөг өнгөрсөн. Тэндээс тэр хавиас олдох ч үгүй биз. Би ч хайгаад бүтэн цувдай олоогүй л юм даг. Бас ч гэж тансаг зэрэглэлийн ресторануудад таван цулаар хийсэн хоол хаданд гараад байгаа харагдана лээ.

Мөнгөний ханш:

Энд би инфляцаар ярихгүй. Угаасаа тэрнийг чинь захын хүүхэд өөрийнхөөрөө тодорхойлдог болоод байгаа. Хуучин арав, таван төгрөг, нэг төгрөг хариулт мөнгөнд тооцогддоггүй байсан бол одоо 5000 төгрөг тиймэрхүү хувь заяатай болчихоод байгаа. Тэгэхээр цагаан сараар эрхэм сайд та хөгшин хөвөө улсад 5000 төгрөг бүү өгөөрэй. Аягүй бол гомдчих байх шүү. 1000 төгрөг бол бүр ч мөнгөнд тооцогдохоо больсон.

Үнийн өсөлт бүх салбарт давалгаа мэт эрчилэн өссөөр байгаа ч ганц л салбарынхан үнээ өсгөлгүй барьж чадаж байгаа. Энэ нь номын худалдаа. Цаагуур чинь биеэ үнэлэгчид хүртэл бензиний үнэ өсмөгц үнээ нэмчихсэн дуулдана билээ. Харин ном бол яахав нэг их чухал зүйл биш. Гэхдээ хэрхэн баяжих тухай номнууд гүйлгээ ихтэй хэвээрээ байгаа. Манай сайд дарга нарын номын шүүгээ ч тиймэрхүү номоор баян л байлгүй, надаар хэлүүлэх юун.

Номыг нь сураагүй ч номхоныг нь сурчихсан ард олон маань өлөн зэлмүүн, үмх чимхийн төлөө амьдарч байгаа ч энэ бүхэн нэг л өдөр дуусах вий гэдгийг эрхэм сайдад анхааруулмаар байна. Яагаад гэвэл бид номоо дахиад ч хямдруулъя гэж бодож байгаа. Талхнаас хямд болоод ирэхээр олон хүн авч л таарна. Ядаад галаа асааг дээ, дулаан байх биз.

Хүний доройтлын 21000.

Цаана чинь Занданхүү гээд сэтгүүлч бүсгүй гүрэн дамнан идэр есийн хүйтэнд элгэн саданаа сураглан сурвалжилж явна билээ. Сайд та харсан уу? Өнөө төрийнхөө галыг асаахад бузар гээд ойртуулаагүй эмэгтэй хүмүүс чинь эх орон, элгэн саднаа сураглаад эр зоригоо эр хүнээс илүүтэй харуулаад явж байна даа. Чадвал
Гүрний чинадаас Монголоо бэтгэрч гүвээ сэтэртэл харуулдах тэд минь...
www.dayarmongol.com ийшээ нэг ороод харчихаарай. Их юм бодогдох байх. Амжихгүй бол сэтгэгдлүүдийг нь уншчихад гэмгүй дээ. Эгэл олон чинь өнөөдрийн хормой тоссон 21000-аа аваад маргааш тэр хөөрхий төөрөлдсөн монголчууд шиг болох хувь тавиландаа бэлдэж суугаагаа мэдээгүй л явна. Хятадуудын илгээсэн тусламжийн хомсхон бараан дээр хөөрхий монголчууд хэрхэн бужигнаж байгааг дээрх нийтлэлд дурдсан байна билээ. Тэгэхээр сэнтий суудлаар ард түмнээ худалдсан нэг тэнэгээс болж хожим ямархуу үйлийн мөрөөр үр ач чинь алхалж явахыг эрхэм та эндээс их тод харж болно. Тэр үед өнөөдөр цуглуулсан их мөнгө чинь домгийн төдий ч мөр үлдээхгүй биз. Тиймээс хүний хөгжлийн мөнгөнийхөө нэрийг сольж өгнө үү хэмээн хүсмээр байна.

Заа тэгээд сайд нар минь идэр есийн энэ хүйтэнд ард олноо нэг харъя гэвэл машиныхаа хар теньтэй шилийг 2-хон секунд буулгаад үзээрэй. Гэхдээ нэг их удаан битгий онгойлгоорой, ханиад томуу, хулгай дээрэм их бий. Өлссөн ядарсан монголчууд сүүлийн үед их догшин байгаа шүү. Тэр "Танайд хоноё"-гоор битгий их ороорой. Улс амьтан гял цал болсон гэрийг чинь үзвэл өмнөх ширээн дээрээ тавьсан ямааны махнаас өөр нүдэнд тээглэх юмгүй лавшаагаа ч идэж амжилгүй цус харвах биз.

Эцэст нь нэг асуулт байна. Зайсангийн цонхоор амьдрал ямар харагдаж байна даа? Заа даа, та бүхэн минь олж харж чаддаггүй байлгүй дээ. Соёмботой уулынхаа барааг хараад амьдрахад соёлын доройтол ч ёстой лөөлөө байна аа, тийм ээ?

0 comments: