2012-02-21
Ikhel khatni naiman tsagaan domog
Ихэл хатны найман цагаан домог оршивой
"Ихэл хатны найман цагаан домог" хэмээх энэхүү сайхан бүтээл тун удахгүй олны хүртээл болно. "Цалиг" студиэс зохиолч Б.Эрдэнэсолонгын энэхүү бүтээлийг дүрсжүүлж, өөрийн "Цалиг" ТВ-ээр сар шинийн өдрүүдэд зориулан өдөр бүр цацаж байгаа билээ. Ном хэлбэрээр нь хэвлэн гаргахад хэдийнэ бэлэн болоод байгаа энэхүү шидэт домгуудын эхлэл зургийг зураач Г.Нармандах /Агай/ бидэнд зурж илгээсэн бол доторх чимэг зургууд болон редакторын ажлыг миний бие гардан гүйцэтгэсэн юм. Туульч А.Балдандорж, бүтээлийн зөвлөхөөр зохиолч-орчуулагч Б.Галаарид, уран сайхны редактороор зохиолч А.Амарсайхан, зургийн даргаар зохиолч Т.Бум-Эрдэнэ, зураач Т.Бямбадорж нар ажиллав. Мөн продьюсерээр Ш.Должинсүрэн, Д.Батцэнгэл, дууны найруулагч Даваацэрэн /DX продакшн/, зохион байгуулагчаар яруу найрагч Т.Пүрэвжаргал, графикчаар З.Балдорж, Б.Мөнгөншагай, Ц.Саранболор нарын шижигнэсэн залуус ажиллаж байна. Энэхүү домог нь нийт найман цагаан домгоос бүтэх юм. Эхний удаад бид энэхүү домгийг хүүрнэж буй Ихэл хатны тухай домгийг өгүүлэх болно.
Домгийн цагаан мөр та бүхнийг минь ивээх болтугай.
Домгийн үргэлжлэлүүдийг цувруулан үзэх бол энэхүү холбоосоор орно уу. http://galaarid.mn/
Ихэл хатны найман цагаан домог оршивой
Урьд эртийн цагт л гэнэ
Улс монголын нутагт л гэнэ
Ная тулсан настангууд
Ер хүрсэн буурайтангууд
Найман настай балчиртангууд
Найган ургах идэртэнгүүд
Нартын саруулхан орондоо
Найрсан сууж л гэнэ ээ.
Илгэн цагаан дээлтэй
Ижий цагаан сахиустай
Ихэр олон хүүхдүүдтэй
Ихэл хатан байж л гэнэ.
Аав л ээжийг асраад
Ахас ихсийг хүндэтгээд
Ахан дүүсийг дагуулаад
Амар заяаг төвшитгөөд
Буман олныг хуруулаад
Буяны ерөөлийг дүүргээд
Өвгөдийн голомтыг бадраагаад
Өнөр олноороо сууж л гэнэ.
Тал сайхан нутагтай
Тайван сайхан өлзийтэй
Хаан сайхан аавтай
Хатан сайхан ээжтэй
Ханан цагаан өргөөтэй
Хайрхан буурал өвөгтэй
Хайлган сайхан эмэгтэй гэнэ
Ханагар уудам нутагтай гэнэ.
Үйл нь хүртэл цагаан гэнэ
Үг нь хүртэл цэцэн гэнэ
Өнө л эртний түүхтэй гэнэ
Өвөг дээдсийн буянтай гэнэ.
Нартын цагаан орондоо
Наян үрсийг цуглуулаад
Цастын цагаан орондоо
Түмэн хүнийг цуглуулаад
Тэнгэрийн орныг түшиглээд
Үүлсийн орныг давуулаад
Үлгэр домгийг амилуулаад
Үнэн түүхийг хэлж л гэнэ.
Эмнэг цагаан азаргатай
Эрхэс цагаан тэнгэртэй
Уран цагаан хуруутай
Урсгал сайхан харцтай
Хун цагаан хүзүүтэй
Хуур цуурын эгшигтэй
Гэр нэвт гэгээтэй
Туурга нэвт туяатай
Мөнхийн залуу зүстэй
Мөрөн голын шившлэгтэй
Налаад суусан ууландаа
Наян агтын үүрсээнтэй
Түшээд суусан ууландаа
Түмэн агтын төвөргөөнтэй
Ихэл хатан ээжий л гэнэ
Ийм л домгийг хэлж л гэнэ
Түмэн олноороо тойроод
Буман олноороо чуулаад
Хууч яриаг чагнаж гэнэ
Хуур цуурыг аялгуулж гэнэ ээ.
Subscribe to:
Posts (Atom)